
Та үснийхээ бүтцийг мэдэх үү?
Үс нь арьсны дайвар эрхтэн бөгөөд хуйхыг нарны гэрэл гэх мэт гадны нөлөөллөөс хамгаалж, толгойн хэсгийн дулааны зохицуулалтанд оролцох, мөн бидний гоо үзэмжтэй харагдахад чухал үүрэгтэй. Толгой дээрх үсний тоо дунджаар 100,000 ширхэг байдаг.
Үсний төрлүүд
Хүний биед 3 төрлийн үс байдаг.
- Шар үс – Алга улнаас бусад биеийн бүх хэсгийг хучдаг биеийн шар үс
- Ширүүн үс-Хөмсөг, сормуус, гадна чих, хамрын дотор, суга, сахал, умдагны үс зэрэг нь энэ төрлийн үсэнд ордог.
- Урт үс- Толгойн үс
Арьсны гадна давхаргад байх үсний ил хэсэг нь тархилаг (Medulla layer), холтослог (Cortex layer), эвэрлэг (Cuticle layer) хэмээх 3 давхаргатай.
Үсний хүүдий
Үсний хүүдий нь нэг ёсондоо үсийг арьсанд бэхэлдэг хэсэг юм. Доод өргөссөн хэсгийг үсний булцуу гэж нэрлэдэг. Үсний хүүдийн доод, дунд хэсэгт үс өргөгч булчин болон тосны булчирхай холбогдсон байдаг. Үс өргөгч булчин нь хүйтэн цаг уур болон сэтгэл зүйн хүчин зүйлд хариу үйлдэл үзүүлэхэд оролцдог. Та даарах үедээ эсвэл айж сандрахдаа үс чинь босож байсныг санаж байна уу? Тэр үед үс өргөгч булчин чинь ажилласан байх нь шүү дээ.
Харин үсний хүүдийд холбогддог тосны булчирхай нь өөхний хүчил, триглицерид зэргийг арьсны гадаргууд ялгаруулж хамгаалалтын хүчлэн бүрхүүлийг үүсгэн хуйхны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалж, бактериас хамгаална. Давхар ус алдалтыг багасгаж чийгийг барих үүрэгтэй. Тэгэхээр үс тослогтох нь бидэнд хэрэгтэй байгаа биз? Үүдэл эсүүд үсний булцуу хэсэгт байрлаж шинээр үс ургалтад оролцоно. Энэ хэсэгт байх цусны судсаар эд эсүүд тэжээгдэн үсний ургалтын үе шатууд зохицуулагддаг.

Үсний өнгө
Меланоцит гэж нэрлэгддэг үсний булцуу хэсэгт байрлах эсүүд нь меланин хэмээх нөсөөг бий болгодог бөгөөд энэ нь таны үсний өнгийг тодорхойлдог. Хэрвээ меланины хэмжээ их бол та хар бараан үстэй байдаг байх ба харин улаан үстэй хүмүүст феомеланиныг ихээр агуулдаг байна.
Source by: Shimizu’s textbook of dermatology 2nd edition