
Омега-3 ба илүүдэл жин
Омега 3 нь хүний биед зайлшгүй шаардлагатай ханаагүй өөхний хүчил бөгөөд зөвхөн хоол тэжээлээр буюу гаднаас авдаг байна. Ханаагүй өөхний хүчил нь бусад амьтны гаралтай ханасан өөхний хүчлүүдээс бодисын солилцооны идэвхи өндөртэй байдаг.
Омега 3-ын нөлөө хүний биед:
- Зүрх судас – цусны урсах чанар буюу бүлэгнэлт, цусны даралтыг тогтворжуулахад болон эсийн бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг
- Нүдний хараа – нүд нь маш өндөр омега 3-ын агууламжтай эрхтэн бөгөөд олон судалгаагаар омега 3 нь нүдний хараанд эерэгээр нөлөөлж байгааг олсон байна.
- Тархи – хүний тархи нь их хэмжээний ханаагүй өөхний хүчлийг агуулдаг бөгөөд омега 3 нь тархины ажиллагааг дэмждэгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна
- Жирэмслэлт – Омега 3-ыг жирэмсэн болон хөхүүл эх ууснаар ургийн тархи болон нүдний хэвийн хөгжилд нөлөөлдөг.
- Үрэвсэл – үрэвсэл намдаах
Загасны мах нь омега 3-ын эх ундрага бөгөөд далайн орнуудын хүмүүсийн дунд илүүдэл жингийн тархалт бага байдгийг илрүүлсэн байна. Харамсалтай нь хүмүүс далайн бүтээгдэхүүн идэж чадахгүй байх, далайтай ойр амьдардаггүй, цагаан хооллолт болон дэглэм барьж байгаа тохиолдолд омега 3-ын дутагдалд орох нь элбэг байдаг.
Илүүдэл жин болоод таргалалтын үед хүний биед өөхний эдээс бага хэмжээний үрэвсэлийн медиаторууд ялгарж байдаг бөгөөд энэ нь цаашдын хүнд явцтай өвчлөлүүд үүсгэхэд чухал нөлөө үзүүлж байдаг. Жишээ нь зүрх судасны өвчлөлүүд. Дээр дурдсанаар омега 3 нь таргалалтын үеийн үрэвсэл жишээлбэл судасны хатууралыг удаашруулж намдаадаг байна.
Мөн судалгаагаар омега 3 нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа илүүдэл жинтэй хүмүүс өдөрт авах илчлэгийн хэмжээ багасаж, цадсан мэдрэмж нэмэгдсэн байна. Цадсан мэдрэмж нь хоол идсэний дараа лептин бодис бидний биед ялгарснаар илэрдэг бөгөөд таргалалтын үед бага ялгардаг байна. Энэ судалгааны үеэр омега 3 хэрэглэсэн хүмүүсд лептиний хэмжээ ихэссэн байна. Бас нэгэн судалгаан дээр дасгал хийх болон омега 3 авахыг хослуулснаар өөхний шаталт нэмэгдэж, турах үйл явцыг дэмждэг болохыг харуулсан байна.
Омега 3-ын өдөрт авах хэрэгтэй хэмжээ нь нас, биеийн ачааллаас хамаарч янз бүр байдаг. Дунджаар 250-300мг байдаг бөгөөд энэ нь 100-200гр загас 7 хоногт идэж байх хэрэгтэй гэсэн үг юм. Хэрвээ та тогтмол загас тэр дундаа тослог загас иддэггүй бол Омега 3-ын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой. Мөн мэргэжлийн тамирчид өндөр тунгаар хэрэглэх нь удаан хугацааны дасгалын ачааллаас үүдсэн үрэвслийг бууруулдаг байна.