
Коллаген бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Нэмэлтээр уухдаа анхаарах зүйлс
Коллаген нь хүний биед хамгийн элбэг байдаг уураг бөгөөд арьсны эрүүл, бат бөх байдлыг дэмжих, үс, хумсны ургалтыг сайжруулах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Хэдийгээр бидний бие коллагеныг үйлдвэрлэх үүрэгтэй ч нас ахих тусам коллагены нийлэгжилт байгалийн жамаар багасдаг учир нэмэлтээр өөрийн биеийн онцлогт тохирсон, үр дүнтэй найрлагатай, чанартай коллаген сонгож уух нь зүйтэй юм. Гэвч коллаген хэрэглэхдээ заавал анхаарах ёстой хэд, хэдэн чухал зүйлс бий.
Иймд бидний зүгээс коллаген гэж чухам яг юу болох, тогтмол ууснаар биед ямар ач тустай, хэрэглэхдээ юунд голчлон анхаарах ёстой гэхчлэн чухал мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэхээр бэлтгэлээ.
Коллаген гэж юу вэ?
Коллаген нь амин хүчлээр баялаг, биед хамгийн хэрэгцээтэй уургийн нэг төрөл юм. Хүний бие дэх нийт уургийн 25-30%-ийг коллаген эзэлдэг бөгөөд арьс, яс, мөгөөрс, цус гэхчлэн биеийн бүх хэсэгт тодорхой хэмжээгээр оршиж, биеийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч байгаль орчны бохирдол, утаа, стресс гэхчлэн олон зүйлээс үүдэн коллагены нийлэгжилт 30 наснаас эхлэн багасаж, чанар нь хүртэл муудаж эхэлдэг аж. Улмаар бие дэх коллагены тоо хэмжээ буурснаар үс унах, хумс хугарах, яс сийрэгжих, үе мөч өвдөх, арьсны уян хатан чанар алдагдах, сэвх, нөсөө толбо тодрох гэхчлэн сөрөг үр дагавруудыг үзүүлдэг.





